ШИГШЭЭ БАГИЙН ӨДРӨӨР ЭЙРДОМТОЙ ТАНИЛЦАВ

Монголын Үндэсний шигшээ багаар овоглож байсан болон одоо зүтгэж байгаа тоглогчид Төв аймаг дахь Л.Сандагдоржийн нэрэмжит МХБХ-ны шигшээ багийн бэлтгэлийн төвд баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус шигшээ багийн өдрийн үйл ажиллагааг нээж АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар үг хэлж нийт үе үеийн шигшээ багийн төлөө зүтгэж байсан багш дасгалжуулагч, тамирчдад баяр хүргэсэн юм.
Шигшээ багийн өдрийн өмнө үе үеийн шигшээ багийн ахлагч нарыг хүндэтгэн урьж цаашдын шигшээ багийн амжилтын талаар ярилцаж санаа бодлоо солилцсон бол ахлагч нарт МХБХ-ны зүгээс өөрсдийн гарын үсэгтэй төрийн далбааг үүрд хадгалуулав.
Мөн энэ үеэр 30 жилийн өмнө 1993 онд БНХАУ Шанхай хотноо явагдсан Анхдугаар Зүүн Азийн наадам оролцсон шигшээ багийн тамирчдад талархал илэрхийлж дурсгалын зүйл гардууллаа.
2023 оны 05-р сарын 12-20-ны өдрүүдэд БНСУ-ын Жонбук хотод Ази Номхон Далайн Мастер тамирчдын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох 7 насны ангилалын багуудад тоглолтын өмсгөлийг гардуулан өгсөн.
Тун удахгүй анх удаагаа Европ Тивийн Гүржийн шигшээ багтай ОУХБХ-ны нөхөрсөг тоглолт хийх Үндэсний Шигшээ Баг, АХБХ-ны Эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны болон Парис-2024 зуны Олимпын эрхийн төлөө өрсөлдөх Эмэгтэйчүүдийн шигшээ багууддаа МХБХ-ны удирдлагын зүгээс амжилт хүслээ.
Энэ үеэр хүрэлцэн ирсэн хүндэт зочид шигшээ багийн бэлтгэлийн төвийн битүү бүрхэвчтэй дөрвөн улирал бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой FIFA Forward 2.0 “Эйрдом” төслийн үйл явцтай танилцлаа.
Тус төсөл одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэйгээр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд тус шигшээ багийн бэлтгэлийн төвд МХБХ-ны нас насны шигшээ багууд бэлтгэлээ базаах бүрэн боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.
Үе үеийн шигшээ багт тоглож, эх орноо төлөөлж байсан болон одоо төлөөлж байгаа бүх тоглогч, дасгалжуулагч нарт эрүүл энх, аз жаргал бүхний дээдийг хүсэн ерөөхийн сацуу XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин Туулай жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлж байна!

Other Articles