ЭМГЭНЭЛ

Монголын хөлбөмбөгийн нэрт зүтгэлтэн Буяннэмэх овогтой Ганболд хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын хөлбөмбөгт хүнд гарз тохиолоо.
Тэрээр хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх их үйлст тамирчны болон зүтгэлтний хувиар үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.
1997-2010 онд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2010 – 2014 онд МХБХ-ны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байлаа.
Мөн тэрээр АХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, ОУХБХ-ны хөгжлийн хорооны гишүүн зэрэг нэр хүндтэй алба хашиж байв.
Түүний удирдлагын цаг дор Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь 1997 онд Азийн Хөлбөмбөгийн Холбоонд, 1998 онд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд, 2002 онд Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбоонд гишүүнээр тус тус элсэн орж, олон улсын албан ёсны тэмцээн уралдаанд амжилттай оролцож эхэлсэн юм.
Мөн ОУХБХ-ны ГООЛ зэрэг олон төсөл хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд МХБХ-ны ногоон талбай, цэнгэлдэх хүрээлэн, Төв оффисын байр, Футзалын ордон зэрэг ашиглалтанд орсон түүхтэй.
Тэрээр өнөөгийн Монголын Хөлбөмбөгийн Холбооны бүтэц, зохион байгуулалтын анхны суурийг тавьж байсан юм.
Түүнийг залуу насаа хөлбөмбөгийн спортод зориулахдаа хурд хүчний гайхамшиг болсон шилдэг тоглогч байсныг үе үеийн хөлбөмбөгчид, найз нөхөд нь бахархан дурсаж байна. Түүний үйл хэрэг үргэлжид дурсагдана.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүд, удирдлага, ажилтан, албан хаагчид болон нийт хөлбөмбөгчид, багш, дасгалжуулагч, шүүгч, хөгжөөн дэмжигчид түүний гэр бүл, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье!
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ!

Other Articles

МХБХШүүгчид