ЯАРМАГ ДАХЬ ТЕХНИКИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбооны санхүүжилт болон ХХБанкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын баруун цэг буюу Яармагт олон улсын стандартын цоо шинэ талбайг 2019 онд ашиглалтад оруулсан билээ. Цаашид олон улсын томоохон тэмцээн уралдааныг хүлээн авах тус талбайн дэргэд баригдах техникийн төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Шав тавих ёслолд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар болон МХБХ-ны зөвлөлийн гишүүд, Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ТУЗ-ын ажлын албаны дарга Д.Хүрэлбаатар, мөн гүйцэтгэгч Гранд Авгуш ХХК-ны захирал Э.Доржбал, УБ Спорт менежмент ХК-ны гүйцэтгэх захирал Б.Тамир нар оролцож тууз хайчилсан юм.
Монголын Хөл Бөмбөгийн Холбоо өнгөрсөн жил Монгол улсын ууган банкны нэг Худалдаа хөгжлийн банктай 1 тэрбум төгрөгийн ивээн тэтгэлгийн гэрээг зурсан. Тус гэрээний дагуу Техникийн төв болон Монгол Улсын Үндэсний шигшээ багийг ивээн тэтгэх болсон юм.
МХБХ 2020 онд Техникийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлаж “Гранд Авгуш” ХХК тодорч, 770.000 ам.долларын өртөг бүхий барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан юм.
МХБХ-ны Техникийн төвийн хүлээн авах анхны олон улсын томоохон тэмцээн нь 2021 онд МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Ногоон наадам” бөгөөд энэ ч утгаараа МХБХ, Улаанбаатар Спорт Менежмент ХК-тай цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх өргөжүүлэх зорилгоор хоёр байгууллагын ажиллагсад нөхөрсөг тоглолт хийснээр тус үйл ажиллагаа өндөрлөв.
Үйл ажиллагаанд 2021 онд Япон улсад зохион байгуулагдах Мастеруудын ДАШТ-нд оролцох 4 насны ахмадын шигшээ багийн төлөөлөл мөн уригдан оролцлоо.
Ийнхүү Монгол улс дахин нэг олон улсын стандарт бүхий талбайтай барилга байгууламжтай болох эхлэл тавигдаж цаашид томоохон тэмцээн уралдааныг цор ганц МХБХ-ны ногоон талбайд бус Техникийн төвийн талбайд зохион байгуулах боломж бий боллоо.

Other Articles

Дасгалжуулагчийн хөгжилМХБХ