21 АЙМГИЙН АШТ-ий ДЭЭД ШАТНЫ ХЭСГИЙН ДӨРВӨН ТОГЛОЛТ ЯВАГДЛАА

МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй 21 аймгийн АШТ-ий Дээд шатны хэсгийн тоглолтууд өнөөдөр эхэллээ.
Дээд шатны “Үхлийн хэсэг” гэгдэж буй “В” хэсгийн Орхон болон Дорнод аймгийн шигшээ багууд өнөөдрийн эхний тоглолтыг хийв. Орхон аймгийн багаас 11 дугаартай Ч.Бат-Эрдэнэ тоглолтын эхэнд хоёр гоол оруулж баг нь 2:0-ээр тэргүүлж байсан ч зүүн хязгаарын Дорнод аймгийн туршлагатай тоглогч Э.Отгонбаяр мөн нэгдүгээр үед хоёр гоолыг оруулсан юм. Эхний хагас 2:2-оор өндөрлөсөн нь тоглолтын эцсийн үр дүн байлаа.
Говьсүмбэр, Сүхбаатар гэсэн зүүн бүсийн дерби тоглолт өнөөдрийн 13:00 цагаас болоход энэ жил дээд шатанд дэвшин тоглож буй Говьсүмбэр аймгийн баг 8:1-ээр өрсөлдөгчөө илүүрхэв. Говьсүмбэр аймгийн багаас Б.Дөлгөөнтамир гурван гоол оруулж гангарсан бол Сүхбаатараас М.Пүрэвжав нэр төрийн нэг гоолыг шигтгэлээ.
Дээд шатны “А” хэсгийн хамгийн сонирхолтой тоглолт Ховд болон Дорноговь аймгуудын хооронд боллоо. Хоёр баг тун өрсөлдөөнтэй тоглолт үзүүлсний эцэст өнгөрсөн жилийн аварга Ховд аймгийн баг 3:2-оор хожиж, тун чухал ялалт байгуулав.
Хэсгийн шатны цаашлаад энэ тэмцээний хамгийн сонирхолтой тоглолт Дархан-Уул болон зохион байгуулагч Увс аймгийн хооронд болов. Нутагтаа тэмцээний зохион байгуулж буй Увс аймгийн шигшээ тоглолтыг тун өнгөтэй эхлүүлсэн ч эхний хагаст хүн дутуу болж, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Дархан-Уул аймгийн баг үндсэн цагт 5:1-ээр хожлоо.
Маргааш буюу 7-р сарын 28-нд Нэгдүгээр шатны хэсгийн хоёр дахь тоглолтууд явагдана.
🇲🇳🇲🇳🇲🇳⚽️⚽️⚽️2️⃣1️⃣🏆🏆🏆👏👏👏

Other Articles