Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд “Мөрөөдлийн гоол” тэмцээн эхэллээ.

Монгол орны оргил цэг Алтай Таван Богдын хаяанд орших Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд “Мөрөөдлийн гоол” тэмцээн эхэллээ.
МХБХолбоо хөгжлийн олон талт ажлуудыг бодлогын түвшинд явуулж байгаа бөгөөд мэргэжлийн хөлбөмбөг, лигийн хөгжил , шигшээ багийн амжилтдаа анхаарч буй ч энэ хөгжлийн эхлэл суурь нь нийтийн хөлбөмбөг , өсвөрийн хөлбөмбөгийн хөгжил гэж үзэж байна.
Энэ ажлын хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” ба “Нийтийн биеийн тамир” үндэсний хөдөлгөөний хүрээнд, Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж байгаа “Нийтийн хөлбөмбөг” төслийн ажлын хэсэг Монгол улсын баруун хязгаар нутаг Баян-Өлгий аймагт ажиллалаа.
МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд тэргүүтэй ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият, Тамгын газрын дарга Б.Мухамед, Зэвсэгт хүчний ангийн дарга, хурандаа Н.Буянтогтох, Хөлбөмбөгийн холбооны тэргүүн О.Ертай, НБД К.Наурызгажы, Улаанхус сумын ИТХ-ын дарга М.Есенбек, Сургуулийн менежер Н.Нурбек болон бусад албаны төлөөллүүдтэй уулзалт хийж БТСУХороо, БЕГ-тай хамтран ЕБС-уудын дунд зохион байгуулагдаж буй “Мөрөөдлийн гоол” тэмцээний нээлтийг Улаанхус сумын ЕБСургууль дээр хийлээ. Баян-Өлгий аймгийн Улаанхус нь Монгол улсын хамгийн хүн ам ихтэй сумдын нэгэнд зүй ёсоор ордог бөгөөд 9000 гаруй хүн амтай ЕБ-ын 3 сургуультай, 100 жилийн түүхтэй сум юм.
Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг танилцуулж, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелиятад албан ёсоор гардуулан өглөө.
Аймгийн Засаг дарга А.Камелият МХБХ-ноос зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагааг дэмжин, дэлхийн тэргүүлэгч спортыг орон нутагтаа хөгжүүлэн ажиллахаа илэрхийллээ. Тэр дундаа “Нийтийн хөлбөмбөг” төслийг Баян-Өлгий аймагт амжилттай хэрэгжүүлэх үүднээс “Хөлбөмбөгийн Элч төлөөлөгч” буюу Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулав.
Баян-Өлгий аймаг нийт 42 ЕБСургуультай бөгөөд эдгээр сургуулийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 10 дугаар сард явагдаж, сургуулийн шигшээ багуудаа байгуулах бөгөөд Баян-Өлгий аймгийн аварга шалгаруулах ”Мөрөөдлийн гоол” тэмцээнийг Аймгийн БШУГ, БТСХороо, Аймгийн ХБХолбоо хамтран ирэх оны 4 дүгээр сард зохион байгуулна.

Other Articles