Дасгалжуулагчийн зэрэглэл

ХӨЛБӨМБӨГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН СУРГАЛТ

МХБХ-ны Техникийн хэлтсээс дасгалжуулагчийн сургалтуудын төрлүүд, түүний онцлог, тавигдах шаардлага, хэрхэн оролцох тухай товч танилцуулгыг хүргэж байна.

МХБХ-ны сургалтууд

МХБХ нь 2019 оноос МХБХ “Д”, МХБХ/АХБХ “С”, МХБХ/АХБХ “В” зэрэглэлийн сургалтууд болон лиценз сэргээх сургалтуудыг дотооддоо зохион байгуулах боломжтой болсон бөгөөд 2020 оноос өргөжүүлэн футзалын анхан шатны дотоодын сургалтыг нэмж зохион байгуулах гэж байна.

Дотоодын сургалтуудын хувьд тавигдах шаардлагын дагуу оролцогчдын тоо бүрдсэн тохиолдолд сургалтыг эхлүүлнэ. Мөн орон нутгийн салбар холбоодын хүсэлтээр тухайн бүс нутагт очиж сургалтыг явуулах боломжтой.

ФУТЗАЛЫН АНХАН ШАТ
ФУТЗАЛЫН 1-Р ЗЭРЭГЛЭЛ
ФУТЗАЛЫН 2-Р ЗЭРЭГЛЭЛ
ХААЛГАЧИЙН 1-Р ЗЭРЭГЛЭЛ
ФИТНЕСИЙН 1-Р ЗЭРЭГЛЭЛ
ФУТЗАЛЫН АНХАН ШАТ

2020 оноос анх удаа явагдах гэж байгаа МХБХ-ны анхан шатны футзалын дасгалжуулагчийн зэрэглэл бөгөөд футзалын дасгалжуулагч болох гэж байгаа хэн бүхэнд зориулсан онол, практик хосолсон бүтэн 3-4 өдрийн сургалт юм. Анги дүүргэлт 15-20 оролцогч байна. Оролцогч нь 20 – 45 настай, сургалтын хугацаанд бүрэн хамрагдах боломжтой, эрүүл мэндийн асуудалгүй, хүүхдэд зөв үлгэр дуурайлал үзүүлдэг, өөрөө дасгалыг хийж үзүүлэх ур чадвартай байна. Уг сургалтанд амжилттай суралцаж, шалгалтанд тэнцсэнээр  Футзалын анхан шатны зэрэглэлийн дасгалжуулагч болох бөгөөд цаашдаа шат ахиулан АХБХ/МХБХ-ны Футзалын 1-р зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтанд суух боломжтой болно.

ФУТЗАЛЫН 1-Р ЗЭРЭГЛЭЛ

АХБХ-ны анхан шатны футзалын дасгалжуулагчийн зэрэглэл бөгөөд бүтэн 6 өдрийн онол, практик хосолсон сургалт юм. Оролцогч нь МХБХ-ны футзалын анхан шатны зэрэглэлтэй, хүчин төгөлдөр лицензтэй байх шаардлагатай. 15 – 20 оролцогч хамрагдана. Уг сургалтанд амжилттай суралцаж, шалгалтанд тэнцсэнээр Футзалын 1-р зэрэглэлийн дасгалжуулагч болох бөгөөд 12 сарын дараа шат ахиулан АХБХ-ны футзалын 2-р зэрэглэлийн сургалтанд орох боломжтой болно.

 

2020 оны футзалын 1-р зэрэглэлийн сургалт 4 сарын 20-оос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод явагдана.

ФУТЗАЛЫН 2-Р ЗЭРЭГЛЭЛ

АХБХ-ны футзалын дасгалжуулагчийн ахисан зэрэглэл бөгөөд бүтэн 6 өдрийн онол, практик хосолсон сургалт юм. Оролцогч нь АХБХ-ны футзалын 1-р зэрэглэл аваад 1 жил ба түүнээс дээш хугацаанд ажилласан хүчин төгөлдөр лицензтэй байх шаардлагатай. Анги дүүргэлт 15-20 оролцогч байна. Уг сургалтанд амжилттай суралцаж, шалгалтанд тэнцсэнээр Футзалын 2-р зэрэглэлийн дасгалжуулагч болох бөгөөд 12 сарын дараа шат ахиулан Футзалын 3-р зэрэглэлийн сургалтанд оролцох боломжтой болно.

 

2020 оны футзалын 2-р зэрэглэлийн сургалт 11 сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод явагдана

ХААЛГАЧИЙН 1-Р ЗЭРЭГЛЭЛ

АХБХ-ны хаалгачийн дасгалжуулагчийн анхан шатны зэрэглэл бөгөөд бүтэн 6 өдрийн онол, практик хосолсон сургалт юм. Оролцогч нь МХБХ/АХБХ-ны “С”-с доошгүй зэрэглэлтэй, хүчин төгөлдөр лицензтэй байх шаардлагатай.

 

2020 оны хаалгачийн 1-р зэрэглэлийн сургалт 5 сарын 04-оос 09-ний өдрүүдэд Улаанбаатар хотод явагдана.

ФИТНЕСИЙН 1-Р ЗЭРЭГЛЭЛ

Фитнесийн 1-р зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт нь АХБХ-оос сургагч багш илгээж Фитнесийн 1А + 1В гэсэн 2 үе шаттай явагддаг. Фитнесийн 1А зэрэглэлийн 6 өдрийн сургалтанд оролцсон дасгалжуулагч нэг жилийн дараа Фитнесийн 1В зэрэглэлийн 6 өдрийн сургалтанд хамрагдаж, шалгалтанд тэнцэж төгссөнөөр Фитнессийн дасгалжуулагчийн 1-р зэрэглэлтэй болно. Уг сургалтанд МХБХ/АХБХ -ны “В” болон түүнээс дээш зэрэглэлтэй дасгалжуулагч оролцох боломжтой.

2020 онд Фитнесийн 1В зэрэглэлийн сургалт 10 сарын 14-өөс 19-ний хооронд Улаанбаатар хотод явагдана.

“Е” СУРГАЛТ (ГРАССРҮҮТС)
“Д” ЗЭРЭГЛЭЛ
“C” ЗЭРЭГЛЭЛ
“В” ЗЭРЭГЛЭЛ
МЭДЛЭГ СЭРГЭЭХ СУРГАЛТ
“Е” СУРГАЛТ (ГРАССРҮҮТС)

Энэхүү сургалтад ЕБС-уудын биеийн тамирын багш нар, хүүхдээ хөлбөмбөгөөр хичээллүүлэхийг хүсэж байгаа эцэг, эхчүүд, сайн дурынхан суух боломжтой 3 өдрийн сургалт юм. Сургалтын агуулга нь 6-12 насны охид, хөвгүүдэд хөлбөмбөгийн анхан шатны техник эзэмшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд сургууль буюу олон нийтийн үйл ажиллагааны үеэр хөлбөмбөгийн фестивалийг хэрхэн зохион байгуулахыг зааж сургана. Анги дүүргэлт 16-20 оролцогч байна. 2018 оны Монгол улсын стандартаар хөлбөмбөгийн дасгалжуулагчид тавих “Суурь бэлтгэлийн үе шат” болон “Мэргэшүүлэх бэлтгэлийн үе шат”-нд зайлшгүй “Е” зэрэглэлийн сургалтад хамрагдаж зэрэглэл авсан байхыг шаардаж байгаа.

“Д” ЗЭРЭГЛЭЛ

МХБХ-ны анхан шатны дасгалжуулагчийн зэрэглэл бөгөөд онол, практик хосолсон бүтэн 6 өдрийн хөтөлбөр бүхий сургалт юм. Сургалтын агуулга нь 6 - 10 насны хүүхдүүдтэй ажиллахад чиглэсэн байна. Анги дүүргэлт 16-20 оролцогч байна. Оролцогч нь 20 – 45 настай, сургалтын хугацаанд бүрэн хамрагдах боломжтой, эрүүл мэндийн асуудалгүй, хүүхдэд зөв үлгэр дуурайлал үзүүлдэг, өөрөө дасгалыг хийж үзүүлэх ур чадвартай байна. Нийт бүртгүүлсэн оролцогчдын дунд урьдчилсан сонгон шалгаруулалтыг дараах байдлаар явуулж оролцогчдыг эцэслэнэ.

  1. Сургалт хүссэн анкетийг бөглөж ТХ-т ирүүлнэ.
  2. Талбай дээр бэлтгэл, тоглол хийх буюу хүүхдэд дасгалыг өөрийн биеэр хийж үзүүлэх ур чадварыг харгалзана.

Уг сургалтанд амжилттай суралцаж, шалгалтанд тэнцсэнээр “Д” зэрэглэлийн дасгалжуулагч болох бөгөөд 12 сарын дараа шат ахиулан АХБХ/МХБХ-ны “С” зэрэглэлд оролцох боломжтой болно.

“C” ЗЭРЭГЛЭЛ

АХБХ-ны анхан шатны дасгалжуулагчийн зэрэглэл бөгөөд бүтэн 12 өдрийн онол, практик хосолсон сургалт юм. Сургалтын агуулга нь 10 - 13 насны хүүхдүүдтэй ажиллахад чиглэсэн байна. Сургалтанд хамрагдах оролцогч нь МХБХ-ны “Д” зэрэглэл аваад 1 жил ба түүнээс дээш хугацаанд ажилласан хүчин төгөлдөр лицензтэй байх шаардлагатай. 16 – 24 оролцогч бүртгүүлсэн үед сургалт эхэлнэ. Оролцогч нь 20 – 45 настай, сургалтын хугацаанд бүрэн хамрагдах боломжтой, эрүүл мэндийн асуудалгүй, хүүхдэд зөв үлгэр дуурайлал үзүүлдэг, өөрөө дасгалыг хийж үзүүлэх ур чадвартай байна. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд оролцогчдоос урьдчилсан сонгон шалгаруулалт авна. Уг сургалтанд амжилттай суралцаж, шалгалтанд тэнцсэнээр “С” зэрэглэлийн дасгалжуулагч болох бөгөөд 24 сарын дараа шат ахиулан АХБХ/МХБХ-ны “В” зэрэглэлийн сургалтанд суух боломжтой болно.

 

2020 оны МХБХ/АХБХ “С” зэрэглэлийн сургалтыг 16-д доошгүй оролцогч хүсэлтээ ирүүлбэл зохион байгуулах бөгөөд бүртгэл 3-р сарын 7-ныг дуустал явагдана. Сургалтын хугацааг жич зарлаж, Улаанбаатар хотод зохион байгуулна.

“В” ЗЭРЭГЛЭЛ

АХБХ-ны дасгалжуулагчийн ахисан зэрэглэл бөгөөд бүтэн 18 өдрийн онол, практик хосолсон сургалт юм. Сургалтын агуулга нь 17 хүртэл насны өсвөрийн хөлбөмбөгчидтэй ажиллахад чиглэсэн байна. Оролцогч нь МХБХ/АХБХ “C” зэрэглэл аваад 2 жил ба түүнээс дээш хугацаанд ажилласан хүчин төгөлдөр лицензтэй байх шаардлагатай. 16 – 24 оролцогч бүртгүүлсэн үед сургалт эхэлнэ. Шаардлагатай бол оролцогчдоос урьдчилсан сонгон шалгаруулалт авна. Уг сургалтанд амжилттай суралцаж, шалгалтанд тэнцсэнээр АХБХ-ны “В” зэрэглэлийн дасгалжуулагч болох бөгөөд 24 сарын дараа шат ахиулан АХБХ “А” зэрэглэлд оролцох боломжтой болно.

 

2020 оны МХБХ/АХБХ “В” зэрэглэлийн сургалт 4 сарын 01-нд Улаанбаатар хотод эхэлнэ.

МЭДЛЭГ СЭРГЭЭХ СУРГАЛТ

Мэдлэг сэргээх сургалт гэдэг нь ямар нэг зэрэглэл авсан дасгалжуулагч лиценз (дасгалжуулах эрх) сэргээх зорилгоор оролцох ёстой, өдөрт 5 цаг үргэлжлэх онол, дадлага хосолсон сургалт юм.  Уг сургалтыг МХБХ-ны сургагч багш нар дотооддоо зохион байгуулна. Дасгалжуулагчийн лиценз нь 3 жилийн хугацаатай бөгөөд, энэ хугацааныхаа дотор дасгалжуулагч зэрэглэлээсээ хамаарч доорхи байдлаар мэдлэг сэргээх сургалтанд хамрагдаж, шаардлагатай цагийг цуглуулснаар тухайн дасгалжуулагчийн лиценз нь дахин 3 жилээр сунгагддаг. Үүнд:

  • МХБХ “Д” зэрэглэлтэй дасгалжуулагч  10 цаг буюу 2 удаа,
  • МХБХ/АХБХ “С” зэрэглэлтэй дасгалжуулагч 10 цаг буюу 2 удаа,
  • МХБХ/АХБХ “В” зэрэглэлтэй дасгалжуулагч 15 цаг буюу 3 удаа,
  • АХБХ “А” зэрэглэлтэй дасгалжуулагч нийт 20 цаг буюу 4 удаа,
  • Футзалын анхан шатны дасгалжуулагч - 10 цаг буюу 2 удаа
  • Футзалын 1-р зэрэглэл - 10 цаг буюу 2 удаа
  • Футзалын 2-р зэрэглэл - 15 цаг буюу 3 удаа