
МХБХ 4-Р САРЫН 30 ХҮРТЭЛ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ
Улсын Онцгой Комиссын 13 дугаар хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.
УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу БСШУЯ-нд харьяалагддаг спорт, соёл урлагийн эхний хагас жилийн бүх арга хэмжээ, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг өнөөдрийг хүртэл бүрэн зогсоогоод байсан билээ. Энэ хуваарийн дагуу Монголын Хөлбөмбөгийн Холбооны тэмцээн уралдаанууд 4-р сарын 11-ний өдрөөс эхлэх байсан. Үүнд 4 сарын 18-ны өдөр нээлтээ хийх байсан МХБХ-ны дээд лигийн тэмцээн ч багтаж байсан юм.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаа, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг , хилийн боомтууд хаасан, нислэг зогсоосон хугацааг бүгдийг нь дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар боллоо.
Тиймээс Монголын Хөлбөмбөгийн Холбооны календарьд багтсан тэмцээн уралдаанууд мөн тус хугацаагаар хойшилж байна.
Та бүхэн аль болох гэрээсээ гаралгүй, хувийн ариун цэврээ сайн сахиж, гэртээ биеийн хүчний дасгал хөдөлгөөнийг тогтмол хийн дархлаагаа дэмжээрэй.