
“ХАНГАРЬД” ХОЛБООНЫ ЦОМЫН ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА
М.Отгонбаяр дасгалжуулагчтай Орхон аймгийн “Хангарьд” клуб “МХБХ-ны цом 2019” тэмцээний шөвгийн найман багаас хамгийн түрүүнд хагас шигшээгийн эрх авлаа.
“Улаанбаатар сити”-г эхний тоглолтод 3:5-аар хожсон “Хангарьд” хариу тулаанд мөн 3:2-аар ялалт байгуулж дараагийн шат руу итгэл төгс алхав.
Багагүй хугацааны дараа МХБХ цомын тэмцээний хариу тоглолтдоо зохион байгуулж байгаа нь өрсөлдөөнийг улам хурцалж буй хэрэг юм.
Эхний тоглолтод 3:5-аар хожигдсон “Хотынхон” хариу тоглолтдоо 3:0-ээр хожвол дараагийн шатны эрх авах хүнд даалгавартай байлаа. Довтолгооны шилдэг хослолыг бүрдүүлж чадсан “Хангарьд” эхний хагаст Ц.Мөнх-Эрдэнэ 1′ , Павел Захаров 13′ нарын гоолоор тэргүүлэв.
Сүүлийн хагаст “Улаанбаатар сити” үр дүнг өөрчлөхийг хичээж олон довтолгоо гүйцэтгэснийхээ хүчинд Г.Гантогтох, О.Мижиддорж нарын гоолоор тооны харьцааг 2-2 болгон тэнцүүлж чадсан.
Энэ эгзэгтэй мөчид хоёр баг олон сайхан боломж үүсгэж, ашиглаж чадалгүй өнгөрөөж байв. Эцсийн мөчид Ц.Мөнх-Эрдэнэ /88’/ тоог 3:2 болгож “Хангарьд” хүчтэй өрсөлдөгч “Улаанбаатар сити”-г хоёр тоглолтын нийлбэр 8:5-аар буулган авлаа.