Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2015 онд шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж эхлэхдээ нэн тэргүүнд 9 насны шигшээ багийг байгуулж, тэднийг тогтмол бэлтгэл сургуулилтаар хангах ажлыг эхлүүлсэн. Үүнд эмэгтэй 14 хүртэлх, 19 хүртэлх болон насанд хүрэгчдийн шигшээ багууд багтаж байсан юм.
Шигшээ багийн амжилтад тамирчны тасралтгүй бэлтгэл, тогтмол сорилго тоглолтууд юу юунаас илүү чухал. Тиймээс ч Өмнө нь УАШТ-ий хэмжээнд явагддаг байсан эмэгтэйчүүдийн тэмцээн уралдааны хүрээг тэлж 2015 онд анх удаа охид, эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнийг зохион байгуулж, Монголын тэмүүлэл, Хад, Арвис, Эрчим, Титэм-Хужирт, Туулын том тулнууд, Дархан-Уул гэсэн 7 багтайгаар эхлэж байлаа.
Энэ нь МХБХ-ны хөгжлийн бодлогын хүрээнд багтсан чухал ажлуудын нэг байсан бөгөөд охид, эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэн тив дэлхийн чанартай, уралдаан тэмцээнд оролцох үүд хаалгыг нээж өгсөн юм.
Цаашлаад Тивдээ тэргүүлэгч, дэлхийд хүчтэй өрсөлдөгч байж чаддаг Япон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, энэ санамж бичгийн хүрээнд 14 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлсэн бөгөөд, тус багийг Япон улсын мэргэжилтэн, дасгалжуулагч Ики Ёожи удирдаж тивийн чанартай хэд хэдэн тэмцээнд оролцсон юм.
Япон дасгалжуулагч Ики Ёожи Монголын эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. 3 жилийн турш өсвөрийн шигшээ багийг дасгалжуулахдаа энэ хүн тун амжилттай ажиллаж, үүнийг нь Монголын Хөлбөмбөгийн ертөнц өндрөөр үнэлж МХБХ-ны “Гавьяаны одон”-гоор шагнасан юм.
2018 он. Зүүн Азийн Аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо нутагтаа хүлээн авахаар болсон бөгөөд анх удаа эмэгтэй үндэсний шигшээ багийг байгуулан анхны олон улсын тэмцээнд нь бэлдэж эхлэсэн юм. Эмэгтэй хөлбөмбөгт анхаарсан 3 жилийн үр шимийг эндээс л үзэж түүхэндээ анх удаа Монголын эрэгтэй болон эмэгтэй насанд хүрэгчдийн шигшээ баг Зүүн Азийн Аварга шалгаруулах тэмцээний эхний шатыг давлаа.
Олон улсын тэмцээн уралдаанууд үүгээр дууссангүй “Токио – 2020” Зуны Олимпийн эрх олгох тэмцээн, Азийн АШТ-ий урьдчилсан шатууд, Бангладеш улсад зохион байгуулагддаг “Бангамата кап”, өсвөрийн фестивалиуд гээд олон тэмцээнд нас насны шигшээ багаа сорьж тамирчдыг байнгын бэлтгэл сургуулилттай байх тал дээр анхаарч ажиллаж байна.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2020-2022 онд Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
1.AFC Women’s Football Day, AFC Grassroots зэрэг АХБХ-той хамтран зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн тогтмол зохион байгуулах,
Энэхүү хөтөлбөрүүд нь нийгэмд эмэгтэй хөлбөмбөгчид маань дуу хоолойгоо хүргэхээс гадна, өөрсдөөрөө дамжуулан үлгэр дуурайлал үзүүлж, бүх нийтийг хөлбөмбөгийн спортод уриалан дууддаг юм.
2.Дуулиан ТББ-тай хамтран ажиллаж эмэгтэйчүүдийн “Дуулиан” футзалын тэмцээнийг зохион байгуулах
Олон жилийн турш тогтмол зохион байгуулагдаж ирсэн “Дуулиан” тэмцээн үр дүнтэй гэдгээ хэдийн батлан харуулсан.
3. Эмэгтэйчүүдийн лигийг 10 багтай 2 тойргоор явуулах
Урт хугацааны бэлтгэл, тогтмол тоглолт гэдэг тамирчдын өрсөлдөх чадварыг сайжруулж, цаашлаад шигшээ багийн амжилтад ч том нөлөө үзүүлнэ.
4. Өсвөрийн охидын хөлбөмбөгийг дэмжих зорилготойгоор 13,15 хүртэлх насны лигийг зохиох
Монголын Хөлбөмбөгийн Холбоо дан ганц 5 жилийн амжилтыг харах бус цааш цаашдын ирээдүйн шигшээ багийн тамирчдыг бэлдэх учиртай.
5. 15 болон 18 хүртэлх насны шигшээ багуудыг тив дэлхийн тэмцээнд оролцуулах, бэлтгэл сургуулилтыг хөрш зэргэлдээ холбоодын хөлбөмбөгийн баазуудад хангах.
6. Олон улсын туршлага гэдэг юу юунаас илүү чухал. Бид дэлхийн хаана яваагаа, цаашид хаа хүрэхээ тодорхойлоход олон улсын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтууд бидэнд тус болно.
Хөлбөмбөг дан ганц эрчүүдийн спорт биш. Эмэгтэйчүүд ч энэ спортоор хичээллэж, шүүн дэнсэлж, хөгжлийн бодлогод нөлөөлж чаддаг гэдгийг бид бэлхнээ харсан. Харин цаашид энэ тоог улам нэмэгдүүлж, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэн гаргаж, тив дэлхийд МОНГОЛ гэсэн зургаан үсгийг алдаршуулахын төлөө МХБХ хөгжлийн бодлогоо чиглүүлэн ажиллаж байна.