
Азийн 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “H” хэсэгт өрсөлдөж буй Монголын өсвөрийн шигшээ баг өнөөдөр тэмцээний эхний өрсөлдөгч Макаог 1:0-ээр буулган авлаа.
Тоглолтын цор ганц гоолыг Монголын шигшээ багаас 5 дугаартай тоглогч Ш.Сугарын дамжуулалтаар 16 дугаартай Ж.Мөнхболор оруулж, хөвгүүд маань ялалт байгуулав.
16 насны шигшээ баг Вьетнамын халуун цаг уурт дасахын тулд тэмцээнээс өмнө Малайз улсад бэлтгэл хийсэн. Тэр ч утгаараа халуун орны Макаог хожиж чадлаа.
Растислав Бозик дасгалжуулагчтай Монголын 16 хүртэлх насны шигшээ баг сүүлд Азийн АШТ-ий урьдчилсанд өрсөлдсөнөөс хойш анхны гурван оноогоо авч байгаа нь энэ юм.
Манай шигшээ дараагийн тоглолтоо 09-р сарын 16-нд хэсгийн хамгийн хүчтэй баг Австралитай хийнэ.
Эх орныхоо нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцож, гараагаа амжилттай эхлүүлсэн хөвгүүддээ баяр хүргэж амжилт хүсье.