
ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ДӨРВӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН “ДЭРЭН” КЛУБИЙН ХӨВГҮҮД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
Дэлхийн 20 орны 169 клуб оролцсон ‘PITEA SUMMER CUP’ тэмцээнээс алтан медаль, “Шударга тоглолттой баг” шагнал хүртсэн нь дөнгөж эхлэл байв.
Тодруубал 80 орны 1700 клуб өрсөлдсөн “Gothia cup”, 8 улсын 44 клубийн дунд болсон “SODERTALIE INTERNATIONAL FOOTBALL CUP” тэмцээнүүдээс тус тус мөнгөн медаль, 13 орны 50 клубийн дундах “Santa Claus Cup”-аас хүрэл медаль хүртсэнийг онцлоход таатай байна.
“Дэрэн” клубийн олон улс дахь тэмцээн үүгээр дуусахгүй бөгөөд долоо хоногийн дараа БНХАУ-д болох “Нэг бүс, нэг зам” тэмцээнд оролцох гэнэ.
Хилийн чанадаас аяны ганзага дүүрэн ирсэн “Дэрэн” клубийн эзэн Г.Мөнхчулуун: “Манай клубийн өсвөрийн багууд 10 жилийн турш гадаадуудад оролцож байгаа. Одоо дээд лигт тоглож байгаа тоглогчид бүгд л эдгээр хүүхдүүд шиг олон улсын тоглолт хийж байсан. Хүүхдүүд сайн хөлбөмбөг тоглож сурвал чадварлаг хөлбөмбөгчид төрнө. Бид энэ удаад нийт 28 тоглолт хийхдээ 23 хожиж, 150 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж, 15 гоол алдсан гэсэн өндөр амжилттай ирлээ.” хэмээн олон улс дахь тэмцээний амжилтын сэтгэгдлээ хуваалцлаа.
Олон улсын тавцан тэмцээн уралдаанд оролцож буй нийт хөлбөмбөгчид, клубүүдэд амжилт хүсье.
НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО
Э.АНУДАРЬ