
#LIVINGFOOTBALL
Одоо цагт хөлбөмбөгийн тоглолт эхлэхийн өмнө тоглогчид хөтөч хүүхдүүдтэй талбайд гарч ирэх нь энгийн үзэгдэл болсон, уг заншил нь хамгийн анх 1990 оноос Англи улсад эхэлжээ. Английн Лигийн тоглолт болон цомын тэмцээний шигшээ шатны тоглолтод 6 – 18 насны хөлбөмбөгт дуртай эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг хөтлүүлж эхэлсэн байдаг.
Английн клубүүдийн хүүхдийн академийг идэвхтэй үйл ажиллагаатай байлгах зорилготойгоор Английн хөлбөмбөгийн холбооноос бодлогын хүрээнд уг хөтөч хүүхдүүдийг тухайн эзэн багийн академийн хүүхдүүдээс сонгож хөтлүүлэх зааварчилгаа өгдөг байжээ. Хүүхдүүд нь тоглолтод оролцохоос гадна шүтэж явдаг тоглогчдынхоо тоглолтыг ойроос харах, тоглолтод бөмбөг зөөж туслах мөн тэдэнд тоглолтыг ойроос харуулж уур амьсгалыг мэдрүүлэн дадлагажуулах далд зорилго үүний цаана байсан байсан юм. Тоглогчид маш олон хүүхэд багачуудад үлгэр дууриалал үзүүлж, энх тайван байдал, шударга өрсөлдөөн үзүүлнэ гэсэн утга бүхий энэ үйл ажиллагаа бүгдэд эерэг сэтгэгдэл төрүүлжээ.
2000 онд Бельги болон Франц улсад зохион байгуулагдсан Европын аварга шалгаруулах тэмцээний бүх тоглолтуудад хөтөч хүүхдүүдийг гаргасан бөгөөд энэ нь анх удаа тив, дэлхийн чанартай тэмцээнд тэднийг гаргасан тохиолдол болжээ. 2002 оны ДАШТ-ний үеэр FIFA нь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч ажилласан бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах утга санаа бүхий хөтөч хүүхдүүдийг бүх тоглолтод ашигласан байдаг.
Одоо цагт хөлбөмбөгөөр дамжуулж бусдад эерэг сэтгэлгээ утга санаа илэрхийлэх зорилготойгоор, маш олон төрлийн хөтөч хүмүүсийг ашиглаж байна. Тухайлбал Аякс клуб уг аргыг маш их ашигладаг бөгөөд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж гараанд гарч буй тоглогчид өөрсдийн ээжүүдийг хөтлөж гарсан тохиолдол бий , тэд зарим тоглолтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг сайжруулах зорилготойгоор мөн хөтөлж гарч олон нийтэд сайн сурталчилгаа хийдэг юм.