
Н.НАРАНБОЛД: “ЭЭЛЖИТ ГООЛУУДАА ИРЭЭДҮЙН ХҮҮХДҮҮДДЭЭ ЗОРИУЛНА”
– Анх яагаад хөлбөмбөгийн спортыг сонгож хичээллэсэн бэ? Тамирчны замнал хэрхэн эхэлж байсан талаар ярилцлагаа эхлүүлье?
– Анх 2002 онд Дундговь аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирж байсан. Тэгээд байрны ах нар, найзуудтайгаа хөлбөмбөг тоглож яваад 2003 онд “Хоромхон” клубд элссэнээр энэ спортод эргэж буцалтгүй хөл тавьсан юм даа.
– Тэр жилээс хойш Хоромхон клубт тоглож 14 жилийн дараа буюу 2017 онд анх удаа Д.Төрбаттай хамт “Атлетик 220” баг руу шилжиж байсан. Тэгвэл дахиж багаа солих бодол байгаа юу?
– “Хоромхон” клубд 2003 оноос 2017 оны хавар хүртэл нийт 14 жил тоглосон. “Хоромхон” клубээс гарсан шалтгаан бол тамирчин болгон шилжилт хөдөлгөөнд ордог. Тэгээд 2016 оны улирал дуусаад Төрбат бид хоёр тамирчин хүний замналаар явж үзье, өөр багт өөрсдийгөө сорьж үзье гэж бодсон. Одоогоор “Атлетик 220” клубтэйгээ гэрээтэй байгаа учраас дуустал нь тоглоно. Хэрвээ солихоор бол буцаад “Хоромхон” клуб уруугаа л явах байх. Өөр шинэ клубд бараг очихгүй гэж бодож байна.
– Хөлбөмбөгийн ногоон талбайгаас халираад орхиё, буцъя гэж няцах үе танд ер байсан уу?
– Больё гэсэн үе байхгүй. Харин ч бие чадахаа болих хүртлээ тоглоно гэж боддог.
– Тэгэхээр хэзээ зодог тайлах нь тодорхойгүй гэсэн үг үү?
-Тодорхойгүй. Магадгүй дөрөв,таван жилийн дараа миний тамирчны карьер дуусвал дасгалжуулагч хийнэ. Миний амьдрал хөлбөмбөгтэй салшгүй холбоотой учраас насан туршдаа, эцсийн мөч хүртэл хамт байх болно оо.’
– Сүүлийн үед хөлбөмбөг бизнес хоёр адилхан болж хувирсан. Ирээдүйд өөрийн гэсэн клубтэй болно гэж боддог уу?
– Тэгэлгүй яахав. Анх 2009 онд арван жилээ төгсөөд оюутан болохдоо л багш, дасгалжуулагчийн мэргэжлээр сурч төгссөн.
– Дасгалжуулагч болно гэхээр бага балчраас нь эхлээд бэлдэх байх л даа. Тэгэхээр хүүхдэд биеийн тамирын спорт тэр дундаа хөлбөмбөгийн спорт яаж нөлөөлдөг гэж боддог вэ?
– Хувь хүний төлөвшилт, эр хүний хувьд тэсвэр хатуужилтай болж, хамт олон, олон нийтийн дунд биеэ хэрхэн авч явах зэрэг маш их хүмүүжил, төлөвшилтийг олгодог.
– Тэгвэл хүүгээ хөлбөмбөгийн тамирчин болгох уу?
– Тэгнэ ээ. Саяхан гэр бүлд маань нэг хөлбөмбөгчин төрсөн байгаа. Мундаг тамирчин болгоно оо.
– Ард түмэн үргэлж л тамирчны туулж яваа амьдралыг бодохгүй хирнээ амжилт нэхэж явдаг хүмүүс? Монгол тамирчин тэр дундаа хөлбөмбөгийн тамирчин байх ямар вэ?
– Би арван жилдээ гар бөмбөг тоглодог байсан. Гэхдээ тийм сүйдтэй амжилт гаргаж байгаагүй, Хичээллэж үзсэн гэхүүдээ.Тэгэхээр хэзээ мэдэхийн л хөлбөмбөгийн тамирчин. Ер нь бол шигшээ баг болон клубдээ тоглож байхад гоол хийгээд, багаа хожилд хөтлөөд явбал над шиг сайн хүн байхгүй. Харин ганц нэг гарсан боломжоо алдаад баг тэнцэх юм уу, оноо алдахад эргээд над шиг муу хүн байхгүй болдог. Зарим үзэгчид бол ийм л байдалтай байдаг.
– Тамирчин болоод хувь хүн талаасаа ямар зарчим баримталдаг вэ?
– Тамирчин хүн талаасаа би ерөөсөө бэлтгэлээ тасалдаггүй, заавал бэлтгэлдээ явахыг хичээдэг. Үнэхээр хүндэтгэх шалтгаан биш л бол бэлтгэлдээ явдаг. 2012 онд аавыгаа бурхан болоод долоо ч хоноогүй бараг хоёр хоногийн дараагаас нь лигийн бэлтгэлд гараад явж байсан даа. Хувь хүн талаасаа өөрт минь итгэсэн хүний итгэлийг алдахгүй байх, өөрт байгаа боломжоосоо илүү рүү тэмүүлэхийг зарчимладаг.
– Амьдралдаа гаргаж байсан хамгийн том алдаа юу вэ? Ер нь алдааг юу гэж ойлгодог вэ?
– Аливаа хүний амьдралд өөрт гарсан боломж, эсвэл өөрчлөлт гаргаж чадах байсан боломжуудыг ашиглаж чадахгүй байхыг л алдаа гэх байх. Одоогоор ингэх байсан юм гэсэн удаа байхгүй учраас айхавтар том алдаа гаргасан гэж бодохгүй байна.
– Эсрэгээрээ амьдралд тань тохиолдсон хамгийн онцгой үйл явдлаасаа хуваалцаач.
– Онцгой үйл явдал гэвэл хоёр сарын өмнө хүүтэй болсон. Тэр бол миний урьд өмнө нь хэзээ ч авч байгаагүй хамгийн их аз жаргал, баяр хөөр бүгд л байсан юм даа.
– Тэгвэл Наранболд гэдэг хүн нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?
– Би ер нь хэлэх юм аа хэлчихдэг төрлийн хүн. Ингэхдээ бас юмыг хүлээж авдаг хүнд шууд хэлж, харин хүний хэлсэн үг ойлгодоггүй, хүлээж авдаггүй, даадаггүй хүнд эвтэйхэн байдлаар ойлгуулахыг хичээдэг. Зарим хүн шууд хэлчхээр юмыг ойлгож чадахгүй өөдөөс уурлах тохиолдол байна. Харин баг хамт олонд яаж нөлөөлдгийг сайн мэдэхгүй юм. Ер нь лигийн тоглолт дээрээ багийнхаа дүү нар луу стресстчихсэн байхдаа алдааг нь шууд хэлж илүү юм шаарддаг. Зарим нэгд нь жоохон хүнд тусдаг юм шиг байна лээ.
– Таныг талбай дээр тоглоогүй, бэлтгэлгүй үед хаанаас олж болох вэ?
– Гэр бүлтэйгээ л байна даа.
– “Мазала дээд лиг”-ийн 15-р тойргийн “Андууд сити” клубийн эсрэг хийсэн тоглолтдоо бэртэл авч харагдсан. Гэтэл гуравхан өдрийн дараа ДАШТ-ий урьдчилсан шатны 2-р шатны тоглолт болох гэж байна. Тэгвэл одоогийн байдлаар бэртэл, бэлтгэл хэр зэрэг байгаа вэ?
– Одоогийн байдлаар бэртлийн эдгэрэлт 85-90 хувьтай байгаа. Талбайд гарахад бараг л бэлэн болчихсон.
– Тамирчдын хувьд бэртэл гэмтэл авна гэдэг биеийн болоод сэтгэлзүйн хувьд хүнд давааны нэг гэж боддог. Таны хувьд бэртэлтэй үедээ эрч хүчээ яаж олж авдаг вэ?
– Би Унгар улсад бэлтгэл хийхэд бэртэлтэй байсан. Тэгэхэд би өөрөө хөлбөмбөгт дуртай, хайртай, улсынхаа нэрийн өмнөөс тогломоор байдаг. Бэлтгэлийн эхний дөрөв, тав хоног гүйж ч чадахгүй, фитнест дугуй жийгээд л сууж байлаа. Гэсэн ч өөрөө хичээж, багтайгаа тоглохыг маш их хүссэн учраас хөл маань ч гэсэн гайгүй болов. Сүүлдээ ганцаарчилсан гүйлтийн бэлтгэл хийж маш их ядарч байсан ч бүгдийг хийж дуусаад тэр бүх ядралт бас гүйгээд дууссан гэж бодохоор өөрт минь илүү их эрч хүч буцаж мэдрэгдэж байсан. Иймээс дараа нь дахиад гүйнэ дээ, гүйж чадчихлаа даа гэсэн эрч хүчийг сая Унгарт авч үзлээ.
– Хөлбөмбөгийн спорттой холбоотой хийх дургүй боловч хийж таардаг зүйлс тань юу вэ?
– Гүйх. Би ер нь гүйх маш дургүй. Тэр тусмаа холын зайнд удаан хугацааны гүйлтийн бэлтгэл хийх гэх мэт. Гүйх дургүй боловч гүйж таардаг.
– Энэ чинь довтлогчийн байрлалд маш чухал зүйл бус уу?
– Довтлогч бол байнга гүйхгүй.
– Ер нь шигшээ багийн бэлтгэл ямар хэмжээнд хангагдсан бэ? Унгарт хийсэн бэлтгэлийнхээ талаар товчхон яривал?
– Миний харж буйгаар манайхны бэлтгэл маш их эрч хүчтэй, өндөр темптэй маш сайн бэлтгэл хийсэн. Бүгд сайн хангагдсан.
– Байрлалаа сольж тоглох юмсан гэж боддог уу?
– Би хамгийн анх хөлбөмбөг тоглож эхлэхдээ төвийн хамгаалагч байсан. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхад бүх л байрлалд тоглож үзсэн. Гэхдээ яг ч тоглолт дунд хаалгач хийж үзээгүй юм байна. Яг тэнцээ эсвэл, торгуулийн цохилт хийх үед өсвөрт хаалгач болчихдог байсан. Бараг бүх байрлалд тоглож үзсэн юм байна. Тиймээс довтлогч болохын тулд хойноосоо урагшилсан.
– ДАШТ-ий урьдчилсан шатанд оруулсан гоолоо эхнэртээ зориулж байсан. Ер нь түүнээс өмнө манай мэргэн бууч маань гоолоо хэн нэгэнд зориулдаг байв уу?
– Өмнө нь ерөөсөө хэн нэгэнд зориулж байгаагүй. Хамгийн анх гоолоо зориулсан хүн бол төрөх гэж байсан хүү минь юм. Дараа дараагийн гоолыг магадгүй дараа дараагийн хүүхдүүддээ зориулах байх.
– Шигшээ багийн бэлтгэлээр 10 гаруй хоног Унгар улс руу бэлтгэлд гарсан. Энэ үед хүүгээсээ холдсон тэр мэдрэмжээсээ яриач?
– Анх удаа л ингэж холдож үзлээ. Маш их хэцүү мэдрэмж. Санасаар байгаад арай гэж ирсэн дээ. Ирээд нэг хоног амрахдаа хүүгээсээ холдож чадахгүй байсаар явсан.
– Танд нэг супер чадвар өгье гэвэл ямар чадвартай болохыг хүсэх вэ?
– Хөлбөмбөг дээр гэвэл хамгийн сайн довтолгоог төгсгөж чаддаг чадвартай, техниктэй болохыг хүснэ. Тоглолтдоо ялагдаж байсан ч эргүүлж ялалтыг төгсгөх ч юм уу. Ямар ч үед ямар ч гоолыг хийж чаддаг. Амьдрал дээр гэвэл эр хүний байж болох хамгийн сайн зан чанартай болгох чадварыг хүсэх байх.
– Өнөөдрийн амьдралдаа та хэр сэтгэл хангалуун байна вэ?
– Одоогийн амьдралдаа маш сэтгэл хангалуун байдаг.
– Баярлалаа. Таны цааш цаашдын тоглолтууд болон сорилтуудад өндөр амжилт хүсье.
Э.АНУДАРЬ