
ХАМТДАА “8 ЖИЛ-8 ЗОРИЛГО”-ЫН ТӨЛӨӨ
Монголын хөл бөмбөг эрчимтэй хөгжиж байгааг Монголын үе үеийн хөл бөмбөгчид, багш дасгалжуулагч, үзэгч, хөгжөөн дэмжигч, хөл бөмбөгийн төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй хүн бүхэнд бахархалтайгаар хэлэхэд таатай байна.
МХБХ 2012 онд ОУХБХ (FIFA)-ны тусламжтайгаар анх удаа “Хөгжлийн программ 2020-2028” хэмээх бодлогын баримт бичгийг боловсруулсан. Үүнээс 6 жилийн дараа буюу 2018 онд мөн ОУХБХ (FIFA)-ны тусламжтайгаар дээрх урт хугацааны стратегийн бодлогын баримт бичигт дүгнэлт, шинжилгээ хийж дахин шинэчилсэн юм.
Анхны урт хугацааны стратегийн хэрэгжилтэнд задлан шинжилгээ хийж үзэхэд анх дэвшүүлсэн 12 зорилгын хүрээнд 6 жилийн хугацаанд 30-100 хувийн биелэлттэй, сайн үр дүнтэй ажиллажээ.
Миний бие 2019 оны 6-р сард МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “МХБХ-ны 8 жил-8 зорилго” хэмээх бодлогын баримт бичигт үндэслэн боловсруулсан билээ. 2020 оны 8-р сард МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын газар, хамт олон уг мөрийн хөтөлбөрт тусгаснаар 2020-2028 оны хугацаанд хүрэх үр дүн, зорилго, зорилтонд тулгуурласан үйл ажиллагааны төлөвлөгөө болгон боловсруулж МХБХ-ны Зөвлөлөөр батлуулсныг ийнхүү та бүхэнд толилуулж байна.
Та бүхэнтэйгээ хамтран зүтгэхээр өргөн барьж буй энэхүү 8 жилийн стратегийн зорилго, хөтөлбөр хэрэгжиж дуусахад МХБХ Азийн шилдэг 10 хөл бөмбөгийн холбооны нэг болсон байна гэж би итгэж байна.