МАЗАЛА ДЭЭД ЛИГИЙН 15-Р ТОЙРГИЙН ТОГЛОЛТЫН ТОЙМ

Лигийн 15-р тойрогт “Хоромхон” – “Хангарьд”, “Эрчим” – “Улаанбаатар сити”, “Андууд сити” – “Атлетик 220”, “Улаанбаатар” – “Дэрэн”, “Хаан Хүнс Титэм” – “СП Фалконс” клубууд тус тус учраа таарсан билээ.

“Хоромхон” – “Хангарьд” клубуудын хооронд болсон тоглолтод “Хангарьд” клубын легионер тоглогчид болох Павел Захаров 4, Андрей Рыченков 2 гоолыг тус тус оруулснаар өрсөлдөгчдөө илүүрхэж хүснэгтийн дөрөвдүгээр байрт 28 оноотой бичигдэж байна.

Харин тойргийн хамгийн сонирхолтой, ширүүн өрсөлдөөнтэй тоглолт “Эрчим” болон Улаабаатар сити клубуудын хооронд болов. Тоглолтын эхний үед “Улаанбаатар сити” клубын тамирчин Д.Тэмүүлэн 33 минутад эхний гоолыг хийснээр багтаа тэргүүллийг авчирсан. Гэтэл тоглолтын хоёрдугаар хагаст “Улаанбаатар сити”-ийн хагас хамгаалагч Б.Цэрэнбаяр хоёр удаа шар хуудас авч талбайг чөлөөлснөөр тоглолтын хувь заяа эсрэгээр шийдэгдсэн юм. Энэ явдлаас ердөө дөрвөн минутын дараа “Эрчим” клубийн хагас хамгаалагч Хаяато Вакино тоог тэнцүүлж, 67 дах минутад дараагийн гоолыг хийж багтаа том ялалтыг авчирлаа. Ингэснээр хүснэгтийг 35 оноотойгоор “Эрчим” тэргүүлж байгаа бол 32 оноотойгоор хоёрдугаар байранд бичигдлээ.

Дараагийн тоглолт “Андууд сити” болон “Атлетик 220” багуудын хооронд болоход 2:3 харьцаатай “Атлетик 220” ялалт байгуулж хүснэгтийн гуравдугаар байраа хадгалж чадлаа. “Андууд сити”-ээс Наояа Токай 5 дах минутад, Э.Мөнгөнбагана 9 дэх минутад гоол хийсэн бол “Атлетик 220”-оос Накамурай Тайга 15 дах минутад, Б.Мөнх-Эрдэнэ 34, 75 дах минутад тус тус гоол оруулсан юм.

“Улаанбаатар” болон “Дэрэн” клубуудын тоглолт тун ч өрсөлдөөнтэй явагдсан юм. Тоглолтын 14 дэх минутад “Улаанбаатар”–ын М.Батхишиг эхний гоолыг хийсэн ч 31 дэх минутад “Дэрэн”-ээс Ц.Түмэнжаргал хариу гоолыг хийснээр хоёр баг үндсэн цаг дуустал эвийн гэрээгээр тоглосон юм. Гэсэн ч тоглолын хувь заяаг шийдсэн эцсийн гоолыг “Дэрэн” клубийн довтлогч М.Жансерик 90+2 минутад хийснээр багийнхаа ялалтыг тодорхойллоо. Иймд “Дэрэн”-ийнхэн хүснэгтийн тавдугаар байраа 25 оноотойгоор хадгалсан хэвээр байна.

Тойргийн эцсийн тоглолт “Хаан Хүнс Титэм” болон “СП Фалконс” клубуудын хооронд болж Фалконсчууд тоглолтын турш илүүрхэж 9, 77, 91 дэх минутад тус тус гоол оруулснаар хүснэгтэд байр урагшилж нийт 24 оноотой 6-р байранд бичигдлээ.

Ийнхүү 15-р тойрогт хүснэгтийг тэргүүлэгчээр “Эрчим”-ийнхэн тодорлоо. Мөн дээд лигийн багуудын хувь заяа улам бүр ширүүссээр байна.

Мэргэн буудагчдын тухайд “Атлетик 220” клубын тамирчин Н.Наранболд тоглолтын эхний үед гэмтэл авч талбайг орхисон ч нийт 17 гоолтойгоор нэгдүгээр байрт бичигдсэн хэвээрээ байна. Харин “Хангарьд” клубын тамирчид болох Павел Захаров, Андрей Рыченков нар тус тус 16 гоолтойгоор дараагийн байруудад оржээ.

ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт ирэх есдүгээр сард болохтой холбоотой шигшээ баг Унгар улс руу бэлтгэл гарсан учраас Мазала дээд лигийн тоглолт түр завсарлаж байна. Иймд лигийн 16-р тойрог ирэх есдүгээр сарын 14-өөс эхэлнэ.

Э.АНУДАРЬ