UEFA ASSIST 17 ХҮРТЭЛХ НАСНЫ ОХИДЫН ТЭМЦЭЭН ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

ЕХБХ болон МХБХ-оос хамтран зохион байгуулж буй 17 хүртэлх насны олон улсын охидын тэмцээний техникийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний Техникийн Зөвлөгөөнийг нээж МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар эмэгтэй хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөөх энэхүү чухал арга хэмжээнд оролцох урилгыг хүлээн авч идэвхтэй оролцож байгаа Малайз, Сингапур болон Узбекистан улсуудын албаны хүмүүст талархлаа илэрхийлсэн юм.
Энэхүү зөвлөгөөнөөр ТБЗХ-ийн Дарга Л.Цолмонбаяр тэмцээний зохион байгуулалтын бүтэц, ерөнхий дүрэм, журмыг хэлэлцэж тохирсон, улмаар хамгийн чухал хэсэг болох хөлбөмбөгийн дүрэмд Ковид-19 цар тахлын улмаас нэмэлт өөрчлөлт орсныг мөн энэхүү тэмцээнд хэвээр ашиглаж 3 удаагийн оролдлогоор 5 сэлгээ хийх дүрмийг хэвээр ашиглаж байгааг дурдсан юм.
Улмаар нийт тамирчдын мэдээллийг шалгаснаар энэ удаагийн техникийн зөвлөгөөн өндөрлөж тэмцээн эхлэхэд бэлэн боллоо.
Тэмцээн өнөөдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 12:30 цагаас Малайз болон Сингапур улсуудын тоглолтоор эхлэх бол манай улсын эхний тоглолт мөн өнөөдөр 16:00 цагаас Узбекистан улстай хийх тоглолтоор тус тус эхлэх болно.
Та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд ирж шигшээ багаа дэмжин талбайн 12дох тоглогч болоорой.

Other Articles