САНАЛ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 220/1 тоот
Мэдээ, мэдээлэл
2024-09-20 04:48
Монголын Хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч нар өнгөрсөн долоо хоногт Хятадад албан уулзалтуудад оролцоод иржээ. Энэ талаар Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржтой ярилцлаа.
-Хятадад хийсэн уулзалтуудад монголын талаас ямар бүрэлдэхүүнтэй явсан бэ?
-Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч М.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга миний бие, Удирдах зөвлөлийн гишүүд, Техник хөгжлийн бодлогын хорооны дарга Б.Болдбаатар, Футзал Элсний Хөлбөмбөгийн хорооны дарга С.Пүрэвсүх, Хүүхэд залуучуудын хөлбөмбөгийн хорооны дарга М.Ганбаатар нар Хятадын Хөлбөмбөгийн холбооны уулзалтад оролцоод ирлээ. Харин Хятадын Хөлбөмбөгийн холбоо талаас Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч тэргүүтэй албаны бусад хүн оролцсон.
-Мэдээж, хоёр улсын холбоо аль аль нь удирдлага, менежментээ шинэчилж байгаатай холбоотой уулзалт байсан болов уу?
-Монголын Хөлбөмбөгийн Холбоо Хятадын Хөлбөмбөгийн Холбоотой урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлсээр ирсэн. Хятадын Хөлбөмбөгийн Холбоо саяхан Ерөнхийлөгчөө шинээр томилж, хоёр холбооны удирдлага, менежмент өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор цаашдаа хамтын ажиллагааг хэрхэн өрнүүлэх вэ гэдэгт санал солилцож уулзлаа.
Бид гурван асуудлаар санал солилцож, хамтран ажиллах хэлэлцээрийг хийсэн. Нэгдүгээрт, бид хилийн бүс дагуух ойролцоо муж, аймгууд дахь клуб, холбоод болон манай аймгийн холбоод, клубуудын хамтын ажиллагааг уялдуулан бие биенээ дэмжих, дасгалжуулагч, тамирчин, хүүхдүүдийг солилцох, мөн хэрэглэл материалын төсөл хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх гэх мэтээр хамтын ажиллагааг хооронд зохион байгуулахаар тохирсон.
Хоёрдугаарт, Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооноос тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийн дагуу манай улс шигшээ багийн хэд, хэдэн тоглолтыг хийх ёстой. Тухайлбал, хөвгүүдийн U20, U17, охидын U20 насны ангиллын олон улсын тоглолтууд маань шалгуур үзүүлэлт хангахад тус бүр нэг тоглолтоор дутуу байгаа юм. Энэ гурван насны тоглолтоо бид БНХУ-ын шигшээ багтай хийхээр тохиролцлоо.
Гуравдугаарт, бид хөлбөмбөгийн хөгжлийн тогтолцоогоо бий болгож, анхны суурь чадамжаа сайжруулахаар Бүсийн төвүүдийг байгуулах төслийг Дэлхийн Хөлбөмбөгийн холбооны “Форвард-3” төслийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа. Энэ бүсийн төвөө хөгжүүлэхэд Хятадын Хөлбөмбөгийн Холбоотой хамтарч ажиллах саналуудыг тавьлаа.
Үр дүнгийн хувьд сайн айлчлал боллоо гэж үзэж байна. Тавьсан гурван зорилтоо бүгдийг нь хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон гэж ойлгож болно.
-Бүсийн төвийг байгуулах төслийн талаар тодруулж ярихгүй юу?
-Бид өнөөдөр хагас мэргэжлийн хөлбөмбөгийг хөгжүүлж байгаа. Харин цаашид мэргэжлийн хөлбөмбөг хөгжүүлэх зорилгоор сургуулийн хөлбөмбөгийг бий болгоно.
Энэ утгаараа Засгийн газрын баримталж буй бодлоготой уялдуулан орон нутагт зургаа, Улаанбаатар хотод нэг бүсийн төвийг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагааны хүрээнд өсвөрийн академийг бий болгох замаар авъяастнуудаа тодруулах, тэднийг байнгын бэлтгэлд байлгахаар төлөвлөж байгаа.
Нөгөө талаас Хятадын Хөлбөмбөгийн Холбоо ч мөн өсвөрийн хөлбөмбөгт анхаарал хандуулж эхэлж байгаа нь манай холбооны тавьж байгаа зорилготой нийцэж байгаа учраас бид хамтран ажиллах саналаа тавьсан.
Ингээд Хинан мужийн ХБХ-ны дэргэдэх өсвөрийн хөл бөмбөгийн клуб болон Бээжин хотын өсвөрийн хөл бөмбөгийн хоёр клубтэй уулзаж хамтрахаар тохриолцсон. Өөрөөр хэлбэл, клубуудийнхээ хоорондын уялдаа холбоог сайжруулж, бие биенээ дэмжиж ажиллах нөхцлийг бүрдүүлсэн айлчлал боллоо.
Түүнчлэн охидын хөлбөмбөгийн дэмжлэгийг мужуудын холбоо, клубуудээр дамжуулаад хамтарч хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсоноор монголд хятадын хөлбөмбөгийн клубууд хөрөнгө оруулж, клубуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилтыг хэрэгжүүлэхээр боллоо.
- Бүсийн төвийг хэзээ байгуулж дуусах вэ?
-2024 оны дөрөвдүгээр улиралд бэлтгэл ажлаа хангаад, 2025 оноос 21 аймагтаа тулгуурлаж эхлээд, 2026 онд Бүсийн төвийг бүрэн байгуулахаар төлөвлөж байна. Бүсийн төвд тавих шаардлага нь юу юу байх вэ гэхээр, олон улсын стандартын шаардлага хангасан том болон жижиг талбайнууд, сургуулийн орчин, дотуур байр, орчин нөхцөл, хоол унд гэх мэт олон хүчин зүйл байна.
Мөн мэргэжлийн боловсон хүчин, багш дасгалжуулагчийн хүртээмж, дэд бүтцийн хангамж, техник хэрэгсэл материал, бусад хүчин зүйлс бий болгох учиртай. Энэ хооронд бид 2025 онд сургуулийн хөлбөмбөгийн тэмцээн болох “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулж дуусгана. Тэндээс авъяастнуудаа нээж, сонгож академидаа шалгаруулж авах юм.
-Хятадын Хөлбөмбөгийн холбоо бүсийн төвүүдтэй яг ямар байдлаар хамтарч ажиллах талаар илүү тодруулж ярьвал?
-Мэргэжлийн боловсон хүчнээс гадна хүүхдүүдийн хоорондын нөхөрсөг тэмцээн уралдаануудад хамтарна. Хоёрдугаарт, Бүсийн төвүүдийг байгуулахад хэрэглэх дэд бүтцийн материал, техникийн баазаар хангахад хамтарна. Тухайлбал, бөмбөг хэрэгсэл, бусад хэрэглэх материаллаг баазыг хангаж ажиллах тал дээр дэмжих юм.
Өөрөөр хэлбэл, Бүсийн төвүүдийн орчин нөхцлийг сайжруулах, материаллаг баазыг хангахад чухал оролцоотой байна гэсэн үг. Түүнчлэн академийн хүүхдүүдийн хооронд нөхөрсөг тоглолт, тэмцээн уралдаан зохион байгуулах, сурагчийн амралтын өдрүүдэд хятадын хөл бөмбөгийн клубуудэд хүүхдүүдийг байрлуулан бэлдэх, тэндээс мөн академийн хүүхдүүд монголд ирж байрлан бэлдэх зэрэг солилцоог хийнэ.
-Дасгалжуулагч солилцооны хөтөлбөр хэрэгжих үү?
-Манай Хүүхдийн Хөлбөмбөгийн хороо дасгалжуулагч авмаар байна гэдэг хүсэлт гаргасны дагуу Хятадын Хөлбөмбөгийн холбооноос зэрэглэл өндөртэй дасгалжуулагч нарыг монголд авчрах өсвөрийн хөлбөмбөгийн яриа хэлэлцээрүүд болсон.
-Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамгийн таатай, үр дүнтэй харилцаа өрнүүлж байгаа нь аль улсын Хөлбөмбөгийн холбоо байдаг вэ?
-Нөхөрсөг харилцааны хувьд мэдээж бүх холбоотой эрх тэгш харилцаатай. Үүн дотроо Азийн Хөлбөмбөгийн холбоодтой нягт хамтардаг. Тухайлбал, Японы Хөлбөмбөгийн холбоотой хамтын ажиллагаа өрнүүлж, шигшээ багийнхаа ахлах дасгалжуулагчаа авч ажиллаж ирсэн. Мөн Японы Хөлбөмбөгийн Холбоо бидэнд жил бүр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэгийг үзүүлж ажилладаг.
Түүнчлэн бид Хятадын Хөлбөмбөгийн Холбоотой найрсаг харилцаатай. Мөн Катарын Хөлбөмбөгийн Холбоотой ойрын үед ажил төлөвлөөд хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.
- 2025 онд Монголын Хөлбөмбөгийн Холбоо гадаад харилцаандаа ямар бодлого баримтлах вэ?
-Хөлбөмбөгийн орчин, гадаад харилцаандаа хоорондоо хоршсон буюу глобал маркетингийн чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Тухайлбал, 2-3 улсын Хөлбөмбөгийн Холбоо маркетингийн нэг бодлого барьж тухайн брэндийн бүтээгдэхүүнүүдийн сурталчилгаа, хүртээмж дээр ажиллана гэсэн үг. Энэ талаарх саналуудаа гишүүн холбооддоо хүргээд хамтын яриа хэлэлцээрүүдийг хийгээд явж байна.
Тухайлбал, Солонгосын Самсунг брэндийн бүтээгдэхүүнийг гурван улс нийлээд нэг системээр түгээдэг, түүнийхээ үр ашгийг гурван улс маань оролцсон хүртээмжээрээ хүртдэг глобал маркетинг хийхээр төлөвлөж ажиллаж байгаа. Энэ бол олон улсын Хөлбөмбөгийн Холбоодод төдийлөн хийж байгаагүй ажил. Тиймээс бүс нутгийн холбоод маань энэ тал дээр дэмжиж ажиллах боломжууд байгааг олж харсан.
-Ярилцсанд баярлалаа.
ТЭМЦЭЭНИЙ ХОЁР ДАХЬ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Преах Хан Рич Свэй Риен 2:1 СП Фалконс